Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL Хүүхдийн даахь үргээх ёсон
Оруулсан admin Огноо Mai 05 2011 13:53:35
Энэ нь хүүхдийн онгон даахь үсийг анх удаа хүндэтгэлтэйгээр авч буй ёслол юм. Монголчуудын дунд хүүхдийн үс авах, өрөвлөг үргээх гэж янз янзаар хэрлэдэг боловч үндсэн агуулга нь ижил билээ. Тэгэхдээ эрэгтэй хүүхдийг 3, 5 настайд нь эмэгтэй хүүхдийг 2, 4 настайд нь даахийг нь үргээнэ. Энэ нь сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж үзэн эрэгтэй эмэгтэйд хамааруулдаг монголчуудын уламжлалт ойлголттой холбоотой юм. Даахь үргээх ёслолыг хийхдээ бусад найрны зоог шүүс идээ цагаалга бэлдэх ба заавал байх зүйл нь цагаалга юм. Цагаалганаас хүн бүгд амсан ирсэн хүүхэд бүгдэд аяга аягаар өгч дайлдаг заншилтай. Хүүхдийн үс авах, өрөвлөг үргээх ёслолд хамаатан садан, эцэг эхийнх нь найз дотно нөхөд оролцдог.
Халх, дөрвөд, баяд, мянгад, хотгойд ястанд хүүхдийн үс авахад өвөг эцэг, эцэг нь эсвэл тухайн ёслолд оролцож буй хамгийн өндөр настай хүндтэй хүн, буриадад хүүхдийг эх барьж авсан буюу боож авсан эх нь эхэлж үсэнд хутга хайч хүргэн ёсолдог байна. Тэгэхдээ найрын ахлагч " За одоо хүүгийнхээ /охиныхоо/ даахийг үргээе" гэж хэлэхэд баруун хойт талд сууж буй хамгийн хүндтэй хүн эхэлж хүүхдийн үсэнд модон хутгаар хүрч дараа нь хадаг зүүсэн хайчаар туг үс хяргаж аягатай сүүнээс хүүхдэд амсуулж магнайд нь мөн түрхээд ерөөл бэлгийн үг хэлдэг. Ингээд зочдын урдуур хүүхдийг нар зөв тойрон өнгөрүүлэхэд тэд хэсэг үс хайчлах ба эх нь сэвийг нь авч хадганд боодог. Мөн хүүхдийн даахь /өрөвлөг/ үргээж байх үедээ хүн бүр хүүхдэд бэлэг өгч
Урт настай
Удаан жаргалтай
Аавдаа аятай
Ээждээ тустай
Төр улсдаа зүтгэлтэй
Түмэн олны манлай болж яваарай
Гэх мэтээр хүний амьдралын агуулгын талаарх монгол түмний эрхэм дээд эрмэлзлэлийг илэрхийлсэн бэлэг дэмбэрлийн үг хэлдэг. Ийнхүү хүүхдийн үсийг авахдаа эрэгтэй хүүхдэд тэвэг, эмэгтэй хүүхдэд 2 хөхөл хэлбэрийн үс үлдээдэг нь хуучны ойлголт ёсоор төрийн хар хүн гэрийн эх хүн болохыг бэлэгдсэн заншил юм. /Хорлоо, 1969, 47 дахь тал/. Монголчууд төрийн хар хүн болохын тэмдэг болгон тав гэзэг тавих ёс хуучин цагт байв. Иймд эрэгтэй хүүхдэд тэвэг үс үлдээдэг нь төрийн хар хүн болохын бэлгэдэл бөгөөд үүнийг авахгүй явсаар том болсон хойно нь тав гэзэг тавьдаг байсан байж магадгүй. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүний амин сүнс, хамгийн онгон газар дагз орчим гэж үзээд түүнд хутга мэсний үзүүр хүргэдэггүй тэвэг үс, тав гэзэг тавьдаг байсан байж болох юм. Монголд хонины яг дагзан дээрх хэсэгхэн хуйхыг баатар хуйх гэж нэрлэдэг бөгөөд эр хүн баатар идвэл бачуу газар дайсантай тулгардаг хэмээн цээрлэдэг байсан /Гаадамба, 1968, 74 дахь тал/ мөн дээрх ёстой холбоотой бололтой. . Сүүлийн үед эмэгтэй хүүхдийн үсийг заавал авахгүй гэзэгнээс нь тайрах төдий ёсолдог болсон билээ. Хүүхдийн үс даахь авах өрөвлөг үргээх ёсон дууссаны дараа зочдод идээ цагаа барьж найр эхлэнэ. Уг ёслолын үед хөдөө газар хэрэв боломжтой бол хүүхэд барилдуулж даага уралдуулан нэгэн ёсны бяцхан наадам хийдэг заншил бий. Хүүхэд мэдээ орж өөртөө зориулсан баяр хийж буйг мэдрэх чадвартай насанд хүрсэн үед нь өрөвлөг үргээх ёслолыг үйлдэж буй учир хүүхдийн угаалгыг бодвол ийнхүү аль болохоор өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Иймд хүүхдийн угаалгын ерөөлд эцэг эхэд нь хандсан зүйл элбэг байдаг бол үс даахь авах ёслолын ерөөлд зан үйлийг тусгасан хүүхдийн ирээдүйг бэлгэдсэн агуулгатай үг хэллэг олон бий. Тухайлбал
Энхрий бяцхан хүүгийнхээ
Онгон хонгор даахийг нь
Өдөж баясгаж авсны
Найр цэнгэл баяр бэлэг болгож
Намирсан их хадгаа дэлгээд
Нандин идээнийхээ дээжийг өргөөд
Найрын олны өмнө
Намайг бэлэг барь гэлээ
/Хорлоо, 1969, 47 дахь тал/ хэмээн ерөөлч уг найранд ерөөл хэлэх болсныхоо учрыг айлтгаад,
Ган цагаан хайш
Гавшгай цагаан тонгоргийг бэлдээд
Алтай хайчны амыг нээж
Амь насыг нь даатгаж
Мөнгөн хайчны амыг нээж
Мөнх насыг нь даатгаж
Ган хошуутай
Алтан бариултай хайчаа
Гар мутар бүрийдээ
Дамжуулан үргээж
Гарсан төрсөн нас буяныг нь
Уртасгаж өргөөд
/Гаадамба, 1978, 121 дэх тал/ гэх мэтээр хүүхдийн онгон даахь үсэнд хамгийн анхлан хүндэтгэлтэйгээр хүрсэн учрыг үзүүлсэн байдаг. Түүнчлэн
Баруун талын шанаанаас
Эхэлж үргээхэд
Бадамлянхуа цэцэг
Дэлгэрч байгаа мэт
Зүүн талын шанаанаас нь
Авч үргээхэд
Зүйл бүрийн эрдэм
Цацарч байгаа мэт
Орой дээрээс нь авч үргээхэд
Ой билэг нь хурцадаж
Оюун ухаан нь нэмэгдэж байгаа мэт
хэмээн /Гаадамба, Цэрэнсодном, УБ, 1978,/. Тухайн зан үйлийн ёслол бол хүүхдэд сайн сайхныг бэлгэдсэн зориулалттай гэсэн санааг ерөөлд тодчилон шүлэглэсэн байдаг. Үс /даахь/ авах, өрөвлөг үргээх ёслолын ерөөлийн төгсгөлд хүүхдийг урт насалж элбэг баян аз жаргалтай амьдрахыг аливаа ерөөлд түгээмэл байдаг тогтмол хэлбэрээр ерөөдөг боловч зарим ерөөлд
Эрхэм хайртай хонгор хүүгий нь
Эцэгийн билгийг ярихад
Номд мэргэн
Нойрт сэргэг
Үйлэнд уран
Үгэнд цэцэн
Хуулинд шударга
Хуримд цовоо
Дайнд баатар
Далайд усч
Галд халдаггүй
Галавт шантардаггүй
хэмээн эр хүний хамаг сайхан шинжийг эцгээсээ өвлөн авахыг бэлгэдсэн байх буюу эсвэл
Энхрий бяцхан хүүгийн
Оройн сэв нь
Онгон буурал болж
Хөхөлийн сэв нь
Цал буурал болж
гэх мэтээр урт удаан наслахыг ерөөсөн санааг үс /даахь/ авах зан үйлтэй холбогдсон уран дүрслэлээр илэрхийлсэн нь бий.

Эх сурвалж: Х.Сампилдэндэв Н.Уртнасан Т.Дорждагва Монгол зан үйл, баяр ёслолын товчоон номноос.