Banner
Хөтөч
· HOME
· ARTIKEL/НИЙТЛЭЛ
· VIDEO NEWS
· FORUM/ХЭЛЦЭЭ/ЗАР
· DEUTSCH LERNEN
· Fotogalerie/Зургийн цомог
· Weblinks/Холбоосууд
· Kontakt/Холбоо барих
· FAQ/ДТА
· Suche/Хайлт
Newsletter anmelden
E-Mail*
Nachname
Online Хэрэглэгч
· Online Зочин: 2

· Online Гишүүд: 0

· Бүртгэлтэй Гишүүд: 624
· Шинэ Гишүүн: ganaa1108
Partnerseiten

Цам гэж юу вэ
Хүнд өөрөөс нь буюу хөндлөнгийн учир шалтгаанаас учирч болох гай зовлон, гаслангийн уг учир шалтгааныг нам дарж, хөөн зайлуулах бэлгэдэл утгатай нууц тарнийн ёсны очирт бүжгийг цам гэнэ. Цам эхэн үедээ зөвхөн тухайн хийд дотор машид нууцлаг үйлдэгддэг, ямар ч үзэгчгүй төдийгүй, лам нарын зөвхөн сахил хүртсэн хэсэг нь оролцох эрхтэй, тодорхой зорилготой шашны зан үйл байжээ.
Зан үйлийн нууцлаг чанар, дотоод агуулгыг сахил хүртсэн лам нар хадгалан үлдэж, том ном хурах, линга эвдэх, сор гаргах зэрэг нууц тарны ёсны зан үйлийг сүсэгтэн олны өмнө үйлддэг болсноор цам хийдээс гадагш гаран хүрээгээ тэлжээ. Ингэж сүсэгтэн олон хүмүүний ертөнцөд залрах шашин хамгаалагч сахиус чойжид ямар дүртэйг харах боломжтой болжээ.

Цамыг цамнахдаа биеийг ганхуулах, сэгсрэх, тэргүүнийг зүг зүгт эргүүлэн сэжих; мутрын олон хөдөлгөөн хийх; хөлөөр харайх, дэвслэх, алхах, цамнах зэрэг хөдөлгөөнийг хийдэг. Хөдөлгөөний эрч хүч, аяс намбаар инээх, хилэгнэх, аврах, тонилгох зэрэг сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлдэг. Цам харайж байх үед линга эвдэх, сор балин гаргах, жахар залах зэрэг нууц тарнийн зан үйл үйлдэн, уншлага (хэлээр) урилга явагдан бясалгал үйлддэг байна.
Цам нь биеийн төгөлдөр хөдөлгөөнөөр сэтгэлийн хөдөлгөөний илэрхийллийг гарган, сэтгэлийн тэнхээгээр бурхад хийгээд сүсэгтнийг нэгэн үзүүрт сэтгэлд барин, нууц тарнийн бясалгалын хүчээр элдэв гай тотгорыг зайлуулан БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛ гурвын цогц урыг төгс гүйцээн бүрдүүлдэг тул гадаад (иргэний), дотоод (шашны), нууц (тарнийн) агуулгатай ажгуу.

Цамын тухайн дүр бүр урин дуудах, адислах, хөөн тонилгох зэрэг тухайн дүрийн онцлогийг илэрхийлэх хөдөлгөөнийг яв цав тохирсон хөгжмийн аялгуу дор хийдэг. Цамчид их бага алхалтаар дайсны орон сууринг чичрүүлэн доргиох, нураах эвдлэх санаах харуулдаг бол харайлт эргэлтээр дайсныг хууран мэхлэх, хөөн гүйцээд хороон устгах утга гарна. Догшидын эрэмбэ өндөрсөх тутам тэдний хөдөлгөөн улам удаан намбалаг, сүрлэг болдог байна.
Цамын дотоод агуулгыг тайлбарлахыг оролдсон гурван хувилбар байдаг: Үүнд; нэгдүгээрт, Эрлэгийн эзний дүрд тулгуурласан хамгийн түгээмэл хувилбар нь хойд насанд бурхад энгийн сүсэгтэн олонд ямар дүрээр залран үзэгдэхийг дүрсэлсэн гэнэ. Хоёрдугаар тайлал нь цам буруу номтонг хөнөөн дарж, бурхны сургааль энэ дэлхийд ялж төгссөнийг илэрхийлж бурхад хүмүүний ертөнцөд заларч буйг харуулдаг гэнэ. Гуравдугаарт, цам бурхны шашныг устгахаар завдаж байсан Ландарм хааны үхэл зэрэг түүхэн үйл явдлыг жүжиглэн харуулдаг гэжээ.
Монголд Жахар цам 1811 онд Их Хүрээнд анх тавигдсанаас хойш 1937 он хүртэл 127 удаа гарсан байна. 1999 онд Хүрээ Цам хуучин дэг жаягаараа дахин сэргээгдэн Улаанбаатар хотын Гандантэгчилэн хийдэд гарсан билээ. Манай Монголд цам олон сэдвээр гардаг байсан бөгөөд зөвхөн бурхны шашны сургаал ялан төгссөн тухай өгүүлдэг байсангүй. Ер нь хүмүүний сайн сайхан амьдрах хүсэл мөрөөдөл, муу муухайг жигшин устгах санааг энэхүү шашны бүжигт тусгадаг санагдана.

Цамыг бурхны шашны их хурал номын нэгэн хэсэг болгон цамнадаг бөгөөд цам гарахын өмнө хэд хоног үргэлжлэн а\ цамын талбай зам сэлтийг хүж утлага рашаанаар ариутган нямба хийнэ. Нямба-ойртуулах шадарлуулах гэсэн утгатай төвд үг. Чойжид сахиусыг баясалгалаар ойртуулах; б\Сор, жахар, балин, тахилд номын хүч оршоох; в\ Линга эвдэх багажуудад номын хүч оршоох хурал хурдаг.
Зарим эрдэмтэд цамыг мандал цогцлуулах үйлийг биечлэн үзүүлсэн тоглолт гэж үздэг. Хий, ус, гал, шороо, огторгуй гэсэн үндсэн таван махбодоос ертанц үүссэн хэмээн бурхны шашны космологи (ертөнцийн үүслийн онол) үздэг. Дээрх элементээс бүтсэн хорвоо ертөнцөд зургаан зүйлийн хамаг амьтан үхэж төрөн хорвоогийн тоос болон замхарсаар олон хөрс үүсдэг гэнэ. Мөнх бусыг үзүүлсэн өчнөөн амьтны хэлхээтэй араг яс өндөр болон өндийж, улмаар уулс сүндэрлэдэг гэнэ. Байгалийн жамаар бүрэлдсэн тэр гоёмсог ясан хэлхээ сондор нь амьдрал дэнслэгч дээд бурхдын ордон лугаа ижил гэж сэтгэдэг юм байна. Ийм шаталбар болсон сүмбэр уулын оройд бурхад, догшид өөрсдийн юум(хатан), хангал (нөхөд), бараа бологч, хаалгач, зарц сэлтийн хамт залардаг гэнэ. Ертөнцийн үүслийн тухай ийм нэгэн онол бурхны шашинд бий. Түүний загварыг дүрслэн бүтээснийг мандал гэдэг.

Оюун ухаан сэтгэлдээ бурхад сахиус тэдний дагуул сэлтийг ургуулан бодож, бурхны орныг бодитой биечлэн харуулсан жүжиг бол цам гэж бас тодорхойлж болно. Ийнхүү амьд мандал цогцлуулан бурхан, сахиусыг бясалгал тарнийн хүчээр урин залж сүсэгтэн олонд толилуулан, тэр жилийн барцадыг линга, сор зэрэгт шингээн муу муухай нүгэлтэй зүйлээсээ ангижирч байгаа утгатай юм байна.
Сор гэдэг нь гурилан тахил гэсэн утгатай. Сорд тарнийн хүчээр муу муухайг шингээж, цамын үед галд хаяж устган, муу муухайгаас салж буй санааг илэрхийлдэг.
Линга гэж шашны дайсныг билгэдэж бүтээсэн арзайсан сэгсгэр үстэй, уурласан царайтай, залгих хоолой нь хялгас мэт нарийхан, цүдгэр гэдэстэй, гарыг ард нь хүлсэн эрийн дүрс баримал буюу зураг. Хүний сэтгэл хэзээ ч ханадаггүй, хармын сэтгэлээр бусдын юманд үргэлж шунан ховдоглож байдаг санааг илтгэнэ. Зарим судлаачид лингаар энэ насандаа нүгэл их үйлдсэн хүмүүн тамын оронд бирд болоод идье гэтэл амнаас нь гал гарах тул идэх хоол нь шатна, залгих гэтэл хялгасан хоолойтой тул юу ч орохгүй үргэлжийн өлсгөлөнд тарчлах тавиланг бэлгэдэн дүрсэлсэн гэдэг. Шашныг эсэргүүцэгч дайсан (буруу номтон), тарнийн хүчээр лингад шингэнэ гэж үзэх ба түүнийг олон хэсэгт хуваан “эвдэснээр”, амийг нь авч цаашид нүгэл үйлдэж чадахгүй болгон сайн төрөлд илгээж байгаа юм байна.

Уур хилэн, атаа жөтөө, омог бардам, харанхуй мунхаг, шунал тачаал гэх нисваанисийн таван хор нь “нүгэл” бүхний эх үүсвэр болдог гэж сургадаг. Ноён хутагт Данзан Равжаа “Цаасан шувуу” сургаал зохиолдоо “Мунхагийн харанхуй дотор согтож, уурын мэсийг бариад, омгоор түлэгдэж, атаагаар энэлэн зовлонгийн эрхшээлээр эмгэнэх амьтан бүгд хөөрхий” гэж яруу тодоор бичсэн байдгаас нэгийг санаж, хоёрыг бодууштай.

Цамын үүсэл

Ч.Эрдэнэ “Их гурвалжин” номондоо эртний монголчууд хорвоогийн бүхий л үзэгдэл юмсыг үүдэгч, агуулагч, эрхшээгч хүчин нь “Мөнх Хөх тэнгэр” гэж үздэг ба “Дээр Тэнгэр доор Алтан умай” гэх хосмол чанарт бурхантай байсныг баталдаг. Тэрээр улмаар “Бөө мөргөлийн шашин, буддын шашин хоёр язгуур төстэй зүйлс маш их агуулж байдгийг олон судалгаанаас харж болох ба монголын соёл буддизмээс бүхнийг зээлдсэн мэт сэтгэгдэл үргэлж төрүүлж ирсэн бөгөөд угтаа тэгэхээр буддизм нь монгол бөө мөргөлөөс үүдэлтэйг бид ил тод болгож асуудлыг тонгоруулж тавих хэрэгтэй байна” гээд Энэтхэг, Сүмэр, Майя гэх зэрэг эртний соёл иргэншил Монголоос эхтэй, ер нь дэлхийн соёл иргэншлийн анхны төвийг Монгол гэж авч үзэж болох тухай олон жишээнд тулгуурлан бичжээ. Түүх цаашид энэ өнцгөөс бичигдэх эсэхийг цаг хугацаа харуулна. Гадаадынхан манай түүхийг шинэ өнцгөөс харж эхлээд байна.

“Амьдралыг Хурмаст эцэг, Газар эх бурхад бүтээж бий болгосон. Бурхад орших цагаан өнгийн тэнгэрийн орон, хүмүүний амьдрах улаан өнгийн газар дэлхий, усан савдаг байдаг цэнхэр өнгийн доод ертөнц гэсэн гурван оронд амьдрал бий болгосон” гэж үздэгээс харахад Байгаль ертөнцийг бүтээсэн хоёр талт нэгдмэл нэг бурхантай байсан. Худал хуурмагийг зэмлэн буруушаасан ёс суртахууны хэм хэмжээтэй, үлгэр домгийн баялаг сантай, ертөнцийг үзэх төлөвшсөн үзэлтэй зэрэг аливаа шашинд байдаг хам шинжүүд бүрдсэн, гэж оросын түүхч Л.Н.Гумилёв эртний монголчуудыг өөрийн шашны сурталгүй байсан гэдэг санааг няцааж, өөрийн онцлог бүхий шашинтай байсан гэдгийг сонирхолтой хэлбэрээр баталсан байдаг нь санаанд нэн нийцтэй.
Монголын өндөрлөгт амьдарч байсан олон нүүдэлчин аймгууд зөвхөн бөө мөргөлтэй байсан гэж бичих нь элбэг. Энэ нь нэг талаас бөөгийн тайлга тахилгын зан үйл цаас бичгэнд буугдан ном болоогүй ч удам дамжин, өнөөг хүртэл хадгалагдан ирсэн. Нөгөө талаас бөө мөргөл нь манай монголчуудын шүтэж ирсэн, чухам өөрсдийн унаган шашинтай ямар нэг байдлаар ижил төстэй байснаас “бөөгийн мөргөл” гэж нэрлээд байгаа шашин амь бөхтэй оршин тогтножээ гэж болох талтай.

Түмэдийн Алтан хаан (1506-1583) 1578 онд бөөгийн ёс суртахууныг цаазлан хориглосон хууль гарган талийгчийг оршуулахад хүн хойлголдог, хүн ба мал алж цусан тахил өргөдөг зэрэг журмыг халж, бөө бөөлүүлэхэд торгодог, бөөгийн зан үйлийг явуулахыг хатуу хориглодог, шарын шашны лам нарын эрх хэмжээг хан язгууртнуудын зэрэгт аваачин элдэв алба гувчуураас чөлөөлж байсан төдийгүй бурны номд суралцсны төлөө урамшил үзүүлдэг болсон нь шарын шашныг дэлгэрүүлж, бөөгийн шашныг устгах үйлс төрийн бодлогын хэмжээнд байсны жишээ юм.
Монгол оронд буддын шашин тархахдаа унаган шүтээн бөөгийн шашинтай сөргөлдөж, янз бүрийн хэлбэрийн эсэргүүцэлтэй тулгарч байв. Ойрд, Өвөр Монголд бөө нарыг үй олноор алж, хядах зэрэг хүч хэрэглэх аргаар бөөгийн шашныг дарж байсан бол Ар Монголд төвдийн унаган шашин “бон”-г устгахад хэрэглэсэн арга мэхээ давтан гүртэм, чойжин гэх мэт лам-бөө нарыг олноор нэвтрүүлж бөөгийн шашны язгуурын их шүтээн, онгод тэнгэрүүдэд шарын шашны лам нар “сахил хүртээн” бурхны номд оруулсныг зарлан, түүний дуудлагыг шарын шашны бурхдын өмнөөс дууддаг болгон зан үйлийн агуулгыг найруулан өөрчлөх замаар тэмцэж байжээ.

Төвдийн ард олны дунд амь бөхтэй байсан “бон” шүтлэг, хаад ноёдын дэмжлэг олсон буддын шашны хоорондын зөрчлийг Ловон Бадамжунай (өрнөдийнхөн Падмасамбабха хэмээдэг) “компримисс”-ээр шийджээ. Ловон Бадамжунайн зөвшлийн хувилбар нь хуучинсаг бөө нарыг хуучнаа төлөөлж, шинэ шашныг хамгаалж байх “шашин сахигч-чойжин” болгон хувиргаж, тэдэнд тахил өргөж байх болжээ. Харин Чойжид зөвхөн шинэ шашныг сахиулах тангараг өргөсөн юм билээ.
Бурхны шашин, бөөгийн шашны зөвшлийн анхны хувилбар нь шашин сахигч-Чойжин байж. Цаашид бөөгийн шашны тэнгэр, газар, усны эзэд, дээдсийн сүнс-онгодод шүтдэг зан үйлийг бурхны шашин бурхан тэнгэрийн шүтлэгтэй холбон хөгжүүлж лус савдаг тахих, их уулс орон хангайн сагийн судруудыг туурвижээ. Бөөгийн шашны хар шившилгээс дээд тэнгэр, газар орны эздийг “Номхон”, “Догшин” хэмээн хоёр ангилж, хүмүүсийг аливаа аюул, заналаас хамгаалж, өшөөтнөөс өшөө авах зэргээр тэмцдэг догшдыг “хар тэнгэрүүд” хэмээн шүтдэг. Бөөгийн шашны энэ зан үйлийг бурхны шашны зан үйл болгон өөрчилж, “хатууг хатуугаар дардаг” гэх бөөгийн ёсыг “буруу номтныг нам дарах” шашны бясалгалт бүжиг цам болгон түүнийг дэглэсэн санагдана.

Лам Чойжингийн хоорондын харилцааг томъёолбол, лам нь шашны “сургаалын ай сав”, чойжин нь нүд цавчилгүй хамгаалж байх тангараг өргөсөн шашны манаа буюу “ сахигч”. Лам нь түүнийг аргадан тойлж, тахил өргөж, тарни уншиж байдаг, нэг ёсондоо бие биеэ хянадаг, санаа нэгтэй хамтран зүтгэгчид. Орос-буриадын эрдэмтэн Г.Ц.Цебыков “Чойжингоос зөвлөгөө авч, аврал хайж зөвхөн энгийн сүсэгтэн хандаж байсан төдийгүй том лам хуврагтан хүртэл тоомсорлохгүй орхидоггүй. Том лам нар Чойжингийн санал бодлыг харгалздаг байсан утгаар нь тэднийг хэвлэл мэдээллийнхэнтэй зүйрлэж болох юм” гэж их онож хэлсэн байдаг.
736 онд Төвдийн Самъяа хийдийг барьж байгуулах шав тавихад Ловон Бадамжунай нутаг орны лус савдгийг аргадах, шашны дайсныг номхотгон дарах тарни уншиж, сүр хүчит догшин сахиус бурхдын баг өмсгөлтэй бягалгалт бүжгийг тоглуулсан өдрийг, зарим судлаачид хийд баригдаж дуусаад равнайлсан өдөр 775 онг цам үүссэн мөч хэмээн үздэг.

Цам Төвдөөс гадна бурхны шашинт Монгол, Бутан, Балба, Ладак, Хятад, Буриад, Тува, Өвөр Монгол зэрэг олон оронд түгэн тархжээ. Улс орон, сүм хийд бүр шүтдэг чойжин сахиус янз янз, газар газрын эзэн савдаг ч өөр өөрийн учир тэдгээрийн өмнөөс хийх шашны зан үйл ч өвөрмөц, түүнийгээ дагаад бүжиг цамын дэг нь ч өөр өөрөөр боловсроход хүрч байь. Цамнах өдөр, үйлдэх зан үйл, үргэлжлэх хугацаа, гарах дүрүүд, цамчдын тоо харлцан адилгүй ажээ.
Шинэлэх цагаалах Үйл буюу цагаан сар, дээрхийн түмэн өлзий гийсэн өдөр (хааны төрсөн өдөр тэмдэглэх баяр), сууринд заларсан өдөр (улсын хаанаар өргөмжлөгдсөн өдрийг тэмдэглэх баяр) Монгол улсын төрийн ёслолд орж хуулиар баталгаажин хотол олноор ёс төртэй тэмдэглэдэг байсан лугаа нэгэн адил уламжлалт бөө мөргөлийн үйлээс үүдэлтэй эртний их алдарт Богд хан хайрхан уулын тэнгэр тайх ёслол, овоо тахих зан үйлээс гадна цам харайх зэрэг шашны зан үйлийг мөн тодорхой өдөрт хуульчлан улс даяар хийдэг албан ёсны нийтийн зан үйл болгосон байлаа.

Майдар эргэх, цам харайх зан үйл нь бурхны шашны хийдийн хамгийн чухал зан үйл байв. Майдар эргэхэд мөн “Майдарын цам” гардаг байжээ. Шинийн есөнд “Их цам”, өвлийн дунд сарын сүүлчээр “Эрлэг номун хааны буюу Жахар цам”, зуны сүүл сарын шинийн дөрвөнд “Тахилын цам” гэх зэрэг цам гарах бөгөөд ямар үед энгийн яамлах, ихэд яамлах хувцас өмсөх, мөрддөг ёс журмыг тодотгон заадаг байсан нь цам төрөөс хульчлан явуулдаг ёслолд ордог болохыг илтгэнэ.
Монголд гардаг цамд гэлэгвагийн урсгалын гол шүтээн Жигжид ядамыг голлон шүтдэг. Жигжид ядам нь Манзушири бодьсадвагийн догшин дүр гэнэ. Нууц тарны ёсонд догшин дүрт бодьсадваг ядам гэнэ. Бодьсадва гэж бурхны шашны сургуульд суралцах мөрийг олохын тулд бие, тэргүүн сэлтийг ч өргөл болон өргөн барихад үл ажрах “бодь сэтгэлийн баатар” буюу бараг “бурхан” болон гэгээрсэн нэгэн аж. Жигжид ядамын зарлигийг биелүүлэгч чойжин нь монголчуудын дунд Чойжоо хэмээн алдаршсан Эрлэг номун хаан ажээ.

Үхлийг амьдралын төгсгөл гэхээсээ шинэ төрлийн эхлэл гэж илүүтэй үздэг бурхны шашны үхлийн тухай ойлголт өвөрмөц тул энэ сэдэв төвдийн гүн ухаан, утга зохиолд багагүй байр эзэлдэг. Цам болгонд шахам гардаг түгээмэл дүр бол “Дүртэд Дагва” буюу үхээрийн эзэн юм. Цам голдуу Дүртэд Давгын дүрээр эхэлдэг нь төрөл арилжихад бурхад хүний хувь заяаг дэнсэлдэг гэсэн цамын гол санаа гэлтэй. Ловон Бадамжунайн түүрвисан “Сонсгоод ихэд тонилгогч нэрт их хөлгөн судар оршвой” буюу дэлхий дахинд “Төвдийн талийгчийн ном”(The Tibetan Book of the Dead) хэмээн алдаршсан номонд, хүн нас эцэслэсний дараа сүнс нь удаах төрөлд төрөх хооронд үзэх зураглалыг дүрслэн харуулсан бололтой. Нас барсны дараа эхний долоо хоногт “амирлангуй дүрт” бурхад заларч, түүний сүнсийг аврахыг оролддог, удаах долоо хоногт (8-14дэх өдрүүдэд) догшин дүрт бурхад сүр хүчийг үзүүлэн бууж ирэх ба хамгийн эцсийн мөчид “Эрлэг номун хаан” өөрийн биеэр заларч талийгчийг аль оронд ямар төрөлд төрөхийг шийддэг тухай өгүүлдэг гэнэ. Цам үхлийн тухай бурхны шашны энэ ойлголтыг театрчилсан хэлбэрээр харуулсан санагдана.

Цамчинг сонгох

Жил нь таарсан, нохой мэсийн сорвигүй, эрүүл чийрэг биетэй сахил хүртсэн эрэгтэй хүн цамчин байх ёстой аж. Дүр бүрийн онцлогоос хамаарч цоглог хурц шаламгай эсвэл ихэмсэг алгуур хөдөлгөөнтэй хүнийг цамд тоглуулахаар сонгохдоо монголчуудын хүн шинждэг шалгууруудад тулгуурлан ихэд нягт нямбай шалгаж авдаг. Биеийн галбир төрхийг “толгой энх төвшин, цээж өргөн хүчирхэг, бэлхүүс нарийн, дөрвөн мөч шаламгай, хөл цэх, тахимаараа уян налархай, бие талбиун чөлөөтэй, явдал алгуур намбалаг, харц гал цогтой” гэх мэтээр сонгоно.
Монголчуудын хийморь, цог золбоог “хан гардь огторгуйд нисэх мэт эрэмгий чадмаг, их дэлт арслан мэт сүр төгөлдөр, ой цэцэрлэгт зугаалах бар мэт намбалаг тайван” гэх мэт дөрвөн хүчтэний донж маягтай харьцуулан үздэг байсан уламжлалаар шинжинэ.

Ер нь цамд залуу чийрэг лам нарыг тоглуулдаг байсан нь, бэлгэдлийн утга бүхий гоёл чимэглэлтэй хүнд баг хувцас өмсөн олон цагаар бүжиглэхэд хир баргийн хүн дийлдэггүй, амархан цуцдагтай холбоотой. Дүр бүрт орлон тоглогч байдаг ба нэг нь ядрахад нөгөө нь ээлжлэн гарч ирж бүжиглэдэг байна.
Яриан буюу баггүй цамаас XI зууны төвдийн нэрт яруу найрагч-даяанч Миларайпын (монголчууд Мял богд гэдэг) амьдралын нэгэн үзэгдлээс сэдэвлэн бичигдсэн цам алдартай. “Миларайпын цам” ийм яриан цамд уран хэллэгтэй, үг ярианы авьяастай хүмүүсийг худал хэлэхгүй, хүн гүтгэхгүй гэсэн тангараг өргүүлж сонгон авдаг байв.

Анчин тэрний хийсэн тэр үйл ямар вэ? Хэн гуай ингэж буй нь зөв үү? гэх мэтээр тухайн орон нутгийн нэр цуутай баян худалдаачин, ноён түшмэл, улмаар дээд лам нарын нэрийг дурдан асуулт тавина. Дуу хоолойн өнгө, гарын хөдөлгөөн, нүүрний баясал зэргээр тухайн хүнийг барин тавин нүдэнд тустал адилхан дүрсэлдэг байжээ. Мял богд ямар үйлийг нүгэл гэх тухай, нүгэл үйлдсэн хүмүүс үйлийнхээ үрийг хэрхэн эдлэх тухай сургана. Шүүмжлэлийн бай бологчид нийгэмд эзлэх байр сууринааасаа хамааран хүндэт зочдын асарт, эсвэл энгийн ард дунд цам үзээд сууж байх нь элбэг тохиолдоно. Цуутай хүмүүсийн зартай муу үйлийг, шогтой тодоор ингэж улаан нүүрэн дээр нь ил гарган тавьдаг байсан тул ийм цам сонирхолтой байсан нь ойлгомжтой. Минчийж улайсан, хараа буруулан суух “дүрийн эх загвар” жүжигчин хоёрыг ээлжлэн харж баясдаг байвай. Ард олонд ихээхэн таалагддаг ийм цамыг ихэс дээдэс төдийлөн таашаадаггүй байсан нь мэдээж. Сүм хийд бүр ийм яриан цам тоглож зүрхэлдэггүй байжээ. “Миларайпын цам” харьцангүй цөөхөн дүртэй, яриандаа дээдсийн амьдралыг хөнддөг нийгэм улс төрийн утгатай байсан зэргээс харьцангүй бага тархсан бололтой.

Цамын баг

Багийн хэмжээ хүний толгойноос хоёр дахин том, цамчны нүд багийн амын жавьж хавьцаа таарч замаа хардаг. Бурхдын дүрийг илэрхийлэх багийг цаасан шуумлийн аргаар хийнэ. Юуны өмнө багийн ухмал, зормол хоёр хэвийг модоор үйлдэнэ. Энэ хоёр хэвийг тааруулж байрлуулахад хооронд нь хоёр сантиметр орчим зай үлдэх учиртай. Хоёр хэвийн дундуур хайлмал каолин (резин) цутгаж царцаана. Резинэн хэвэн дээр нимгэн нойтон цаасыг олон давхарлан наах аргаар баг бүтээдэг баримлын нэгэн аргыг “цаасан шуумал” гэдэг. Дээр үед шавраар цамын хэв цутгадаг, түүндээ нимгэн цаас наах аргаар баг хийдэг байв. Хатсаны дараа цаасан багийг эцсийн байдлаар засч өнгөлөх нарийн чимхлүүр ажил эхэлдэг. Эцэст нь бэлэн болсон багийг будаж зурж чимэглэдэг.

Зарим судлаачид цамыг нэгэн хэвийн, сунжруу, уйтгартай, хөдөлгөөн муутай гэдэг нь дотоод агуулга, хөдөлгөөний тайллыг хийж чадаагүйтэй холбоотой болов уу. Хөдөлгөөний ширүүн дорвилог, сул зөөлний үүднээс: баатрын бүжиг, баатар эмийн бүжиг, хилэнтийн бүжиг, хилэнт эмийн бүжиг, амирлахын бүжиг, дотоод бүжиг, нууцын бүжиг, тэр ямагт чанарын бүжиг, хилэн эрхшээх хийгээд хилэгнэн инээхийн бүжиг, хилэгнээд машид хилэгнэхийн бүжиг гэж ангилна. Бүжиг дүрийн үүднээс нь: үзүүрхэх, баатархах, жигших, нигүүлсэх, агсрах, амирлах, амирлах хийгээд хатуу догшин, инээдэмт, аймшигт гэж есөн зүйлд ангилдаг. Сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэх дотоод найман амтын үүднээс урин дуудах, адислах, аврах, инээх, хилэгнэх, хөөн тонилгох зэрэг сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлдэг байна. Цамд сэтгэлийн хичнээн олон өнгө аясыг үзүүлдэг, олон төрлийн дүр бүтээж болдог тухай монголын судлаач Л.Хүрэлбаатар төвд, монгол эх сурвалж бичгүүдэд тулгуурлан ийнхүү өгүүлсэн байдаг.

Их Хүрээний их Чамбон (цамын даамал) Пунцаг-Осор цамын дэг болон лав урлалаар (бурхдын баримал барих урлал) олон шавьтай нэр хүндтэй хүн байв. 1910 онд Пунцаг-Осор цамын баг хувцсыг шинэчлэх ажлыг удирдан нэрт зураач Цэнд, Жүгдэр, нэрт лавчин Лувсацэрэн нартай хамтран 100 гаруй цамын баг хувцас сэлтийг шинэчлэн сэлбэсэн байна. Түүний бүтээсэн Улаан сахиусын алдарт шүрэн баг нь нийт 7881 бодит улаан шүрийн өнгө хэмжээг тохируулан нүүрний булчин агших тэнийх чигийн дагуу үй зүйгүй шигтгэн урласан гоц хийцтэй урлагын гайхамшигт бүтээл билээ. Дээр өгүүлсэн цамаар илэрхийлдэг сэтгэлийн хөдөлгөөний олон өнгөөс Улаан сахиусын баг “хилэгнээд машид хилэгнэх” сэтгэлийн илрэлд дүйх хамгийн аймшигтай дүр төрхтэй.
“Өвгөн зураач” Д.Дамдинсүрэн гуай “Урьдын Монгол оронд цамын хувцас хэрэглэлд ийнхүү үнэтэй, чанартай эд материал оруулан, урлал хийцийн гайхамшгийг харуулсан нь Богдын хүрээнээс өөр газар цөөн байсан юм. Түүнд зарцуулсан хөрөнгө нь монголын ард түмний хөрөнгө бөгөөд ялангуяа шавийн ард түмний хөрөнгөөр бүтжээ” гэж дурьдсан байдаг.
Чойрын лавчин уран Данзангийн бүтээсэн өвөрмөц хийцтэй, бодит амьтан араатан буй мэт сэтгэгдэл төрүүлэм арслан толгойт Сэндэм, бух толгойт Дамдин Чойжоогийн багууд одоо музейн үзвэр болоод байна. Уран Данзан багийн эхийг амьд бухнаас гарган Дамдин Чойжоогийн дүрийн баг бүтээсэн гэдэг.

Цагаан өвгөн, Хашин хааны багаар хүний сайхан сэтгэлийн илрэлийг гаргадаг. Бурхны шашин дэлгэрэхээс ихэд өмнө үеийн бөө мөргөлөөс улбаатай газар усны лус савдаг, хүмүүн амьтны эзэн тэнгэр гэж үздэг, “Орны урт наст их тэнгэр” хэмээх Цагаан өвгөн нь зөвхөн монгол цамд гардаг дүр. Цагаан өвгөний баг инээмсэглэж буй төрхтэй, урт цагаан сахалтай, цагаан өнгөтэй монгол дээлтэй, бүсэндээ хэт хутга тамхины даалин хавчуулсан, луутай тааяг тулсан энэ дүр инээдмийн дүрийг уран хошин гаргаж чадсан хосгүй оргил бүтээлийн нэг билээ.
Дорно дахины гүн ухаан, түүнтэй уялдсан шашны урлагийн бүх зүйлс нэн билгэдэл чанартай. Аливаа шашны сургаал “сайн”, “муу” гэсэн дэнсэн дээр дээр зангилагдан, хүмүүний үйл явдал, ажил амьдрал, ёс суртахууны үнэлэмж нь буян, нүгэл гэсэн шалгуураар шүүгддэг билээ. Гэтэл бурхны шашинд буу зэвсэг агссан “сонгодог” утгаар байх дайсныг буруу номтон, муу ёрын дайсан гэхээсээ илүү тэрхүү буруу үйлд хүнийг түлхэн оруулдаг муу сэтгэлийн илрэлийг илүү цээрлэдэг, түүнээс цэрвэж явахыг сургадаг нь нэн сонирхолтой бөгөөд сургаалтай юм.

Бурхны шашинд уур хилэн, атаа жөтөө, омог бардам, харанхуй мунхаг, шунал тачаал гэх нисваанисийн таван хор нь “нүгэл” бүхний эх үүсвэр болдог гэж сургадаг. Хүмүүн нь бие, хэл, сэтгэлийн гурвал дунд орших нэгэн бөгөөд сэтгэл нь бие, хэлээ удирдаж байдаг тул сэтгэл юугаа нисваанисийн хорт автуулахгүй эзэмдэх нь нэн чухал, аливаа ажил үйлс бүтээхэд хүн сэтгэл санаагаа зөв ариун авч явах хэрэгтэй юм байна.
“Нүгэл” бүхний эх үүсвэр болдог нисваанисийн таван хорыг тэвчихийг бэлгэдэн язгуурын таван бурхныг бүтээжээ. Үүнд: Мижид бурхан уур хилэнг дарах, Намбар Нанзад бурхан мунхаг харанхуйгаас ангижруулах, Дондов бурхан атаа жөтөөг зайлуулах, Рижун бурхан омог бардам занг арилгах, Одбагмид бурхан шунал тачаангуйг тэвчихэд туслах зориулалттай юм гэнэ. Бурхад сахиусын тэргүүнд эдгээр язгуурын таван бурхныг төлөөлүүлэн эрдэнийн дүрст таван чимэг зүүсгэл, таван чанар төгссөн эрдэнийн гавалт титэм өмсгөн дүрсэлдэг нь ийм учиртай ажгуу.

Зөвхөн догшид сахиусын баг эрдэнийн таван гавал бүхий титэмтэй байна. Буян заяа, эд хөрөнгө арвижуулагч тэнгэрүүд болох Намсрай, Гонгор сэлтийн баг чандмань чимэгтэй. Харин Эрлэг Номун хааны эм найман элчийг төлөөлөн гардаг Шива (буга), Махи (үхэр) цам үсэрч дүүлч, эврээрээ газар сэндийлэх мэтээр хамгийн хурдан цоглог хөдөлгөөнтэй. Бугийн тэргүүнд чандмань чимэг, үхрийн тэргүүнд ганц гавал чимэг байдаг.
Олон орны цамыг харьцуулан судалж, эрдмийн зэрэг хамгаалсан японы судлаач Кимура Аяако “Газар газрын цамын баг өвөрмөц байдалтай бөгөөд Монголын Хүрээ цамын Улаан сахиусын баг шиг шүрээр хийсэн гоц тансаг баян баг байхгүй” гэж тэмдэглэсэн байдаг.

Цамын өмсгөл

“Болор толь”-д өгүүлрүүн: “Урьд нэгэн цагт Лхалүнбалдорж гэгч лам Ярбын хадны хонгилд бясалгал хийж байтал нэг шөнө Лхамо өөрийн биеэр залран ирж, “чи эдүгээ Ландарм хааныг хөнөө! Айх хэрэгггүй, цаг үед нь би туслана” гэж айлтгаад үзэгдэхгүй болжээ. Олон жилээр даяанчлан улс оронд юу болсныг, Ландарм шашныг сүйтгэснийг мэдээгүй лам ихэд гайхаж хоноод, маргааш нь хүмүүсээс асуусанд “тэр үнэн, тийм болсон” гэж тоочин мэдүүлжээ.
Лхалүнбалдорж нэгэн цагаан морийг хар будгаар будаж зүсмий нь өөрчлөөд, цагаан дотортой хар цув малгай өмсөн, нүүрээ хараар будаж, ханцуй дотроо нум сумаа нууцаар агсан Лхас хотноо ирэв гэнэ. Түүнийг ирэх мөчид Ландарм хаан ордны гадна пайлуур чулууны бичиг үзэн зогсож байв. Лам түүний дэргэд ирж мориноосоо буугаад, хаанд мөргөх дүр эсгэн тонгойхдоо нумаа хөвчлөв. Хоёр дахь удаа мөргөн дээш өндийхдөө нум сумаа дээш татан тавихад хааны гол зүрхийг оносонд хаан үхэтхийн унав.

Лам Увай мөрнийг туулж гатлахад, морь цагаан төрхөндөө орж, хувцас малгай сэлтээ урвуулан өмссөн лам замд таарсан хэн хүнд “Би огторгуйн элч Тидхэр мөн” гэж явжээ. Түүнийг мөшгөн хөөсөн хааныхан ийнхүү түүнийг ололгүй төөрөлдөн хоосон буцжээ. Төвдөд IX-X зуунд бон шашинтан Ландарм хааны олон жилийн турш баримталсан бурхны шашныг устгах тууштай бодлогын дүнд шашин мөхлийн ирмэгт тулаад байв. Ландарм хааныг 842 онд даяанч лам Лхалүнбалдорж гэгч ханцуйдаа нум сумаа нуун бүжиглэсээр хаанд ойртон очиж ийнхүү хөнөөсөн гэдэг домог бий. Ийм гурвалжин хэлхгэр ханцуйтай хувцас хожим нь цамын хувцас болж, одоог хүртэл хадгалагдан иржээ.
Гурвалжин хэлхгэр ханцуйтай хувцас хийгээд, бадам хээтэй цээживч-додьиг, догшдын сүрлэг тэргүүнтэй хормогч-матьиг, амирлангй дүрт бурхдын дүрсэн чимэгтэй бүс, үрүүжин хэмээх ясан зүүлт, гутал сэлтээс цамын хувцас бүтнэ.

“Үрүүжин” нь ясан чимэг гэсэн утгатай. Үрүүжин-чимэг нь алаг, ясан гэж хоёр янз байна. Алаг үрүүжин цамчны бүсний хавьд байх бөгөөд шар, хөх, улаан, цагаан өнгийн задгай утсан манжлагатай. Ясан үрүүжинг Энэтхэгт зааны ясаар, Монголд тэмээний чанасан ясаар сийлдэг ба цамчны элгэн дээрх алт (мөнгөн) толиноос тал бүр тийш салбарласан, хөшиг мэт сүлжилдэн бүх биеийг ороосон маш гоёмсог торон нөмрөг үүсгэнэ. Ясан үрүүжиний эрх бүр гурван хигээстэй хүрд бүхий уран сийлбэртэй. Хамар угалз үүсгэх зүүлтийн хэсгээс тус бүр гурван хонх зүүлттэй агаад нийтдээ ойролцоогоор 12-16 хонх ордог. Дүрийн эрэмбэ зэрэглэлээс шалтгаалан ясан зүүлт нь илүү шигүү тансаг байдаг болой.

Бүс. Хормогчийг бүсэлсэн бүс нэлээд өргөн, бүсэн дээр амирлангүй дүрт бурхдын багавтар хэмжээний хөөмөл хөрөг дүр, алтан цутгамал хорол, элдэв очир зэргээр чимсэн байдаг.
Додьиг. Цамын өмсгөлийн цээживч буюу додьиг нь хоёр мөр, ар нуруу, цээжин бие рүү унжих дөрвөн дэлбэнгээс бүрдэнэ. Цамын тухай бармтат киног үзэж байхнаа хуучны хийцтэй цээживчийг хөөмөл зээгт наамлаар урласан олон хээтэй, илүү нарийн ур хийцтэй нь харагддаг. Хуучны хийцтэй додьигийн дэлбэнд энгэр талдаа “очир”, ар нуруундаа ” илд”, баруунаа “цэцэг”, зүүнээ “чандмань” гэсэн дөрвөн өөр дүрс урлаж, эвэр угалзаар хүрээлүүлэн чимдэг байжээ. Додьигийн цээж рүү унжих дэлбэний элгэн талд тухайн дүрийн зүрхэн тарнийн эхний үсэг бүхий алт буюу мөнгөн тольтой.
Матьиг. Цамын өмсгөлд багтах хормогч. Хормогч дээр тухайн дүрийн догшин сахиусын тэргүүн байх ба түүнийг тойруулан дошил хэмээх хохимой чимэг, дүрэлзсэн галын хээ сэлтийг ердийн зээгт наамлаар урлан бүтээдэг. Хормогч доод талдаа ертөнцийн таван өнгийг илтгэх мяндсан утсан цацагтай.
Гутал. Цамын гутал ясан эрхээр чимсэн улаан түрийтэй, соёо шүд арзайсан, шантгар улаан хамартай, хилэнт дугуй нүдтэй, ногоон матрын хөөмөл дүрийг монгол гутлын ээтэн хоншоорт амыг нь тааруулан урнаар суулгадаг. Матар мянган амьтны мах цусаар хооллосон гэх сүртэй араатан тул догшид гуталдаа чимэг болгон, хөлийн дэвслэх хөдөлгөөнөөр хортон дайсанг хөнөөхийг бэлгэддэг бололтой. Хүрээ цамд гардаг эрэмбэ өндөртэй догшид матар хээтэй гутал өмсдөг байжээ.

Жич: Линга гэж нэг тийм аймаар хүн дүрстэй баримал \золиг\ гурилаар бүтээгээд түүндээ тэр жилийн нүгэл нилэнц бүхнээ шингээнэ. Тэр дүрсээ линга эвдэх багаж\10 ширхэг\, тарнийн хүчээр устган гал руу хийж муу муухайгаасаа салахыг билгэдсэн шашны зан үйл.Гурилаар хийсэн лингийг баглин, цаасан дээр зурсныг шоглин гэдэг.Сорийг хийхдээ есөн зүйлийн тарианы гурилаар өндөр гурвалжин босгоод түүнийгээ гол болгон гурван тийш ирмэглэн давхарлаж галын дөлийн дүрсийг эхлээд хөх, түүний гадуур улаан, шаргал, шар зэрэг галын бүх өнгөөр будаж, дүрэлзэн асч буй “гал” буй болгоно. Оройд нь гурван салаат шар очир хатгана. Гурвалжин суурьтай, босоо хүн шиг өндөр тахил үүснэ. Сорыг мянган дайсны толгой огтолсон гэх сэлэмний төмрөөр хийсэн тусгай тавган дээр байрлуулдаг ажээ. Чухамдаа сороор гурван ховилтой гадсыг бэлгэдэн, түүнд муу муухай бүхнийг хөдөлшгүй хадаж байгаа хэрэг. Сорд тарнийн хүчээр тэр жилийн муу муухайг шингээж, галд хаяж устган, муу муухайгаас салж буй санааг илэрхийлдэг.

“Хүрээ Цам” номноос

Cэтгэгдэл
Cэтгэгдэл оруулаагүй байна.
Cэтгэгдэл оруулах
Та сэтгэгдэл үлдээхийн тулд сайтд нэвтэрсэн байх шаардлагатай.

Нийтлэлийн буланд

  • Paypal гэж юу вэ?

    Donnerstag 5. Mai 2011

    Paypal (www.paypal.com) нь интэрнэтээр тєлбєр дамжуулахад зориулагдсан vйлчилгээ явуулдаг Америкийн компани бєгєєд тєв нь Калифорниа, Небраска мужуудад байрладаг. Та Paypal-д vнэгvйгээр єєрийн хэрэглэгчийн эрхийг нээлгэж тvvнийгээ ашиглан интэрнэтээр бараа vйлчилгээ худалдан авахдаа тєлбєрєє аюулгvйгээр хийх боломжтой юм. Мєн та хvсвэл интернэтээр бусдад єєрийн бараа vйлчилгээгээ зарж борлуулсан тєлбєрєє Paypal ашиглан хялбарханаар хvлээн авч байж болно.

  • Цам гэж юу вэ

    Montag 2. Mai 2011

    Хүнд өөрөөс нь буюу хөндлөнгийн учир шалтгаанаас учирч болох гай зовлон, гаслангийн уг учир шалтгааныг нам дарж, хөөн зайлуулах бэлгэдэл утгатай нууц тарнийн ёсны очирт бүжгийг цам гэнэ. Цам эхэн үедээ зөвхөн тухайн хийд дотор машид нууцлаг үйлдэгддэг, ямар ч үзэгчгүй төдийгүй, лам нарын зөвхөн сахил хүртсэн хэсэг нь оролцох эрхтэй, тодорхой зорилготой шашны зан үйл байжээ. Зан үйлийн нууцлаг чанар, дотоод агуулгыг сахил хүртсэн лам нар хадгалан үлдэж, том ном хурах, линга эвдэх, сор гаргах зэрэг нууц тарны ёсны зан үйлийг сүсэгтэн олны өмнө үйлддэг болсноор цам хийдээс гадагш гаран хүрээгээ тэлжээ. Ингэж сүсэгтэн олон хүмүүний ертөнцөд залрах шашин хамгаалагч сахиус чойжид ямар дүртэйг харах боломжтой болжээ.

  • Чингис хааны а...

    Donnerstag 5. Mai 2011

    Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсч байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсч байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй. Өчигдөр их сууринд суумагц, Өнөөдөр улсын хэргийг орхиж

  • WikiPedia:Монголын ...

    Donnerstag 5. Mai 2011

    WikiPedia-д Монголын түүхийг ингэж өгүүлжээ... Эртний түүх: Өнөөгийн Монгол улсын нутагт одоогоос 850000 жилийн өмнө хүн амьдарч байсан гэсэн баталгаа байдаг. Тийм боловч МЭӨ 3-р зуунаас төмөр зэвсэг энэ нутагт орж ирсэн үеэс л улс төрийн хувьд чухал болжээ. Ерөнхийдөө энэ үе хүртэлх Монголын түүх нь Сибирь, умард Орос, Хятад, Араб Перс, Төв Азийн хооронд орших тал газрын түүхтэй ижилхэн байжээ. Энэ тал газрыг, хааяа нэгддэг боловч амархан задарч үгүй болдог холбоонуудыг үүсгэдэг тархай бутархай нүүдэлчин аймгууд эзлэж байв. Эдгээр нүүдэлчид нь мал аж ахуй эрхэлж, газар тариалангийн улсууд ба хажуудах аймгуудтай худалдаа хийж, тэдгээрийг довтолж амьдарч байжээ.

  • Мөрөөдөл: 2010.10.0...

    Dienstag 24. Mai 2011

    Мөрөөдөлд хязгаар гэж үгүй

    Мөнхийн юм гэж бас үгүй

    Богинохон заяатай хүний амьдрал

    Боломжоор дандаа хясуулж байдаг юм

  • МОНГОЛ УЛСЫН YН...

    Montag 2. Mai 2011

    Монголын ард тvмэн бид: -улсынхаа тусгаар тогтнол, бvрэн эрхт байдлыг бататган бэхжvvлж, -хvний эрх, эрх чєлєє, шударга ёс,vндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, -тєрт ёс, тvvх, соёлынхоо уламжлалыг нандигнан євлєж, -хvн тєрєлхтний соёл иргэншлийн ололтыг хvндэтгэн vзэж, -эх орондоо хvмvvнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хєгжvvлэхийг эрхэм зорилго болгоно. Yvний учир Монгол Улсын Yндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.

  • Олон түмэнд ур...

    Dienstag 10. Dezember 2013

    «Цаг төр» сэтгүүлд гарсан «Урбан Номадс» төслийг хэрэгжүүлэгч Коринна Бетгэтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

  • « Тусгаар Тогт...

    Mittwoch 28. Dezember 2011

    Монголын тулгар төрийн 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Монголын Олон Нийтийн Телевизээр “Тусгаар Тогтнолын Төлөө” нэртэй жүжиг гарсан билээ. Жүжиг Монголчуудын Тусгаар Тогтнолоо олсон түүхэн эгзэгтэй үеийн тухай баримтат зохиол дээр үндэслэсэн бөгөөд Монголд ч, гадаадад суугаа монголчуудад ч гүн сэтгэгдэл үлдээж, Монголын Тусгаар Тогтнолын Төлөө амь амьдралаа золин явсан тэдгээр хүмүүсээр бахархах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлж билээ. Ингээд энэ жүжгийн уран бүтээлчидтэй ярилцсан ярилцлагынхаа эхний хэсгийг толилуулж байнa

  • Би босоо монго...

    Freitag 24. Juni 2011

    Найруулагч Д.Бямбасүрэн "Чингисийн хоёр загал" баримтат киногоо 2008 онд хийсэн. Киноны гол баатар нь Цахар-Тугчийн Урнаа хэмээх энэ бүсгүй. Урнаа Өвөр Монголын Ордос нутагт малчны гэр бүлд төржээ. Ордосынхны ярьдгаар нагай ээж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхээсээ өмнө соёлын хувьсгалын үед эвдэрсэн морин хуурыг ач охиндоо өгч, "Чингисийн хоёр загал" дууны хэдэн үг бичээстэй морин хуурыг Урнаа засуулан авч дууг сурахаар замд гарч байгаа тухай энэ кинонд өгүүлдэг. Урнаа Германд амьдардаг. Берлин хотноо жил бүр зохиогддог Дэлхийн соёлын багт наадам дээр түүнтэй санамсаргүй тааралдаж уулзахаар болсон юм.

  • Schamanismus

    Freitag 1. Oktober 2010

    Markus Pesch M.A.

    Schamanismus ist ein kulturelles, vor allen Dingen religiöses Phänomen, das in ganz Nordeurasien verbreitet war, und teilweise heute wieder auflebt.

    Der Ursprung des mongolischen Schamanismus liegt im Dunkeln. Verschiedene Forscher datieren seine Entstehung auf die Zeit vor 30, 20 oder 5 Tausend Jahren. Belegt ist die Existenz von Schamanen auf dem Gebiet der heutigen Mongolei für die Hunnu Zeit, vor etwa 2000 Jahren. Damals waren es oft auch die Herrscher, die die Funktion des Schamanen innehatten, und die großen jährlichen Rituale für den Himmel die Sonne oder den Mond durchführten.

Banner

Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Боловсрол
Lange Nacht der Museen
Үзэсгэлэнт Шве...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?
aupair - aas oiutan bolj su...
Герман хэл-Test daf
Монгол руу Ача...

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Гоёте институт...
ХБНГерман улсы...
aupair - aas oiutan bolj su...

ШИНЭ НИЙТЛЭЛ
Монгол хэл мин...
Д.Ариунсайхан: ...
Нелсан Мандела...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Berlind ireh yum bolov uu?
Oor xotod toglolt xiix? Dü...
тасалбар болон...

СҮҮЛИЙН ЗУРАГ


ШИНЭ ХОЛБООС

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ DOWNLOAD
die Wegbeschreibung von Ber...
Хоолны жор
Mонголын нууц т...

ЗУРГИЙН ЦОМГООС
Хуудасны дуудалт: 0.20 Sek - 34 DB-Хайлт 4,539,115 хандалт